Татварын Ерөнхий Газар

Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас суутгаж, төсөвт төлнө .

ТТҮГ-ын Татварын Улсын Байцаагч Ц.Ундармаа: Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас суутгаж, төсөвт төлнө
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиглэлээр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хууль батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хуулийн хамрах хугацаа дууссан уу?
Албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай 3 хууль батлагдсан.
1-рт. Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль 2020 оны 4-р сарын 01- өдрөөс 10-р сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжсэн. Иймд Хувь хүний орлогын албан татварыг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс ногдуулан суутгаж, төсөвт төлнө. /дууссан/
2-рт. Татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хууль 2020 оны 02-р сарын 01-ны өдрөөс 09-р сарын 01-ны өдрийг хүртэл хэрэгжсэн. /дууссан/
3-рт. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2020 оныг дуустал хэрэгжихээр хугацаа сунгагдсан. Энэхүү хуульд түрээсийн төлбөрөө бууруулсан хэмжээгээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2020 оны 02-р сарын 01-ны өдрөөс 2021 оны 01-р сарын 1-ны өдрийг хүртэл хугацаанд хөнгөлөх, мөн өмнөх жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөс доош байсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2020 оны 04-р сарын 01-ны өдрөөс 2021 оны 01-р сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөхөөр заасан.
Энэ сараас цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод хувь хүний орлогын албан татвар суутгах уу? Хэрхэн тооцоолох вэ?
Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд хугацааг сунгасан тухай нэмэлт өөрчлөлт ороогүй, шинээр хууль батлагдаагүй тул хувь хүний орлогын албан татварыг 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хуульд заасны дагуу 10%- иар ногдуулан суутгана.
ХХОАТ-ын тухай хуулийн 7-р зүйлд заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос НДШ, ЭМД-ын шимтгэлийг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлон 10%-иар ХХОАТ ногдуулна. /2020 оны 10-р сарын 1-ны өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалийн шимтгэлийг 5%-иар ногдуулахаар нэмэлт өөрчлөлт орсон/
Жишээ:
Бодогдсон цалин 1 000 000 төгрөг, ХХОАТ-ын хуулийн 23.1-т заасан хөнгөлөлт 18 000 төгрөг үед тооцов.
НДШ, ЭМД 7% = 70 000 төгрөг
Татвар ногдуулах орлого 930 000 төгрөг /1 000 000-70 000/
ХХОАТ = 93 000 төгрөг /930 000*10%/
Суутган төлөх ХХОАТ-ын дүн 75 000 төгрөг /93 000-18 000/
:)