Татварын Ерөнхий Газар

Сангийн яам, Татварын ерөнхий газраас Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслийн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

     Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь Монгол улсын Засгийн газрын хүсэлтэд үндэслэн “Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах Монгол улсын татварын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны  төслийг энэ оны 10 сараас эхлүүлэх бөгөөд тус төслийн баримт бичигт 2020 оны 7 сарын 30 өдөр ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамура, Төслийн зохицуулагч Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү болон ТЕГ-ын дарга Б.Заяабал  нар гарын үсэг зурлаа.

Тус төсөл нь ТЕГ ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй 9 дэх удаагийн төсөл бөгөөд 2020 оны 10 дугаар сараас 2023 оныг дуустал хэрэгжинэ.

“Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын татварын байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төсөл нь  татвар хураалтын практик чадварыг дээшлүүлэх, Олон улсын татварын хяналт шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэх юм.  

Монгол Улсад орчин үеийн жишигт нийцсэн татварын албаны тогтолцоо бүрдүүлж, татварын удирдлагыг бэхжүүлэхэд Япон Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага(ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүд томоохон хувь нэмэр оруулсан.

Монгол улсын татварын албанд 1998-2011 онуудад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд Татварын  нэг цэгийн үйлчилгээ, утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ зэргийг нэвтрүүлэн, татварын хөндлөнгийн мэдээллийн сан үүсгэх, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсэн төдийгүй татвар хураалт, өрийн удирдлага, татварын хяналт шалгалтыг боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь ТЕГ-тай хамтран гадаадын хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх үүднээс 2014 оноос хойш өнөөг хүртэл  “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийг 2 үе шаттайгаар амжилттай  хэрэгжүүлсэн.



































































:)